Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Д.Оюун-Эрдэнийг томиллоо

  Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өчигдөрийн (2021.01.27) үдээс хойших нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

    Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.

    Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газар огцорсонтой холбоотойгоор Монгол Ардын Намаас Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг Улсын Их Хуралд оруулж буйг Ө.Шижир дарга чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа уг саналыг хэлэлцэн, гишүүдийн олонх дэмжсэн болохыг Л.Энх-Амгалан гишүүн Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 онд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 41 настай. 1998 онд Хэнтий аймгийн Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2001 онд Бэрс дээд сургуулийг, 2008 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг, 2015 онд Харвардын Их сургуулийг тус тус төгссөн. Сэтгүүлч, эрх зүйч мэргэжилтэй. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

    Тэрбээр 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх сумын захирагчийн албанд Тамгын газрын дарга, 2002-2008 онд “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөгжлийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирал, 2009 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, 2009-2011 онд Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн намын байгуулалтын газрын дарга, 2011-2014 онд Нийгмийн Ардчилал Залуучуудын холбооны ерөнхийлөгч, 2011-2012 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга, 2012 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ. 2016, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2019 оноос Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа юм.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Түүнчлэн Ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авлаа.

Шинээр байгуулагдах Засгийн газрын баримтлах бодлогын талаарх асуултад Л.Оюун-Эрдэнэ гишүүн хариулахдаа, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх буюу өмнөх Засгийн газрын бодлогын залгамж чанарыг ханган ажиллана гэлээ. Монгол Улс бол парламентын засаглалтай, Улсын Их Хурал ард түмний төлөөллийн хувиар бодлогын мэтгэлцээний зарчимд тулгуурлан аливаа шийдвэрийг гаргадаг байхыг дэмждэг, Засгийн газрын тэргүүний хувиар улс төржилтөөс ангид ажиллахаар хичээхээ илэрхийлсэн юм.

    Эдийн засгийг олон тулгууртай болгох ажлыг цаг алдалгүй хийнэ гэдгээ тэрбээр хэлсэн. Манай улс экспортоор 7.6 сая орчим ам.долларын орлого олдог, үүний 89 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг гэдгийг бататгаад “Шинжлэх ухаан, инновац, хүнс, хөдөө аж ахуй, логистик, аялал жуулчлалыг улс орны тэргүүлэх чиглэл хэмээн тодорхойлох нь зүйтэй. Үндэсний баялгийн сан байгуулж, үүгээр дамжуулж бусад салбараа хөгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана. Импортоор урсгаж буй валютаа дотооддоо үлдээх, эх оронч худалдан авалтыг дэмжиж ажиллана. Эдгээрийг өнөөдөр, цаг алдалгүй хийхгүй бол ойрын ирээдүйд нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй гэдгийг судлаачид хэлж байгаа” гэсэн юм.

    Төмөр зам болон авто замын төслүүдийг эдийн засгийн үр өгөөж, ач холбогдлоор нь эрэмбэлж, санхүүжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа тайлбарласан юм. Монгол Улс тээврийн зардлаас 600-900 орчим сая ам.доллар хэмнэж, экспортыг 30 орчим хувиар нэмэгдүүлэх үр өгөөжийг нь тооцож, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг маш яаралтай барьж дуусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа гэв. Түүнчлэн гадагшаа урсаж буй 1 тэрбум ам.долларыг дотооддоо авч үлдэх ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах ажлыг үргэлжлүүлэх, хилийн боомтуудыг холбох авто замын бүтээн байгуулалтуудыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэх ёстой гэлээ. Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 хувийг гадаадаас импортолдог бөгөөд Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг төслийг дуусгахын төлөө шаргуу ажиллана гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлсэн.  

Цар тахал дэлхийн хэмжээнд нүүрлээд байгаа бөгөөд эдийн засаг дахь нөлөөлөл нь 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас 3 дахин хүндрэлтэй байх тооцооллыг олон улсын байгууллагууд гаргаад байгааг тэрбээр хариултынхаа үеэр хэлж байлаа. Шинээр байгуулагдах Засгийн газар өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэн, нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулах ажлыг шуурхай зохион байгуулна гэлээ. Ингэснээр эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломжтой хэмээн тооцож байгаа аж. Одоогоор 430 орчим мянган ажлын байр цар тахлын нөлөөллөөс үүдэн эрсдэлд орсон мэдээ бий бөгөөд хувийн хэвшил, ажлын байр бий болгодог аж ахуйн нэгжүүдээ шинээр байгуулагдах Засгийн газар дэмжин, өмнө авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ цогц хөтөлбөр болгон ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Түүнчлэн орон сууцтай холбоотой зорилт, сайн засаглал, цахим засаглалтай холбоотой томоохон зорилтыг дэвшүүлж, төрийн албыг гүйцэтгэлд тулгуурласан хэлбэрээр шинэтгэн, зохион байгуулах нь оновчтой хэмээн үзэж байгаагаа тайлбарласан юм.

    Оюу толгойн гэрээний талаар гишүүдийн тодруулсны дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг шийдэхдээ Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Канадын экспортын банк, Австралийн экспортын агентлаг, Канадын хатан хааны худалдааны банк, Австралийн үндэсний банк, Эйч Эс Би Эс банк, Токиогийн банк, Дэлхийн банк зэрэг олон газраас санхүүжилт босгосон байдаг аж. Иймээс Монгол Улсад Дубайн гэрээний асуудлыг хөндөхөд дээрх газруудтай холбоотой татвар төлөгчдийн мөнгөний асуудлал давхар хөндөгддөг учраас асуудал геополитикийн хэмжээнийх болдог зовлон бий гэлээ. Оюу толгойн гэрээг сайжруулах чиглэлээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар идэвх чармайлт гарган ажиллаж байдгийг тэрбээр дурдав. Тус Засгийн газар солигдож, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн. Санхүүжилт босгох зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд хөрөнгө оруулагч тал санхүүжилт босгохтой холбоотой 7-8 саналыг тавьсан байдгийг дэлгэрэнгүй мэдээлсэн. Тухайлбал, маргаантай байсан ил уурхайн хөрөнгө оруулалт болон татварын асуудлыг хөрөнгө оруулагч тал шийдэх тухай 4.3 дахь заалт, аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг хөнгөлөлттэй байдлаар тооцох, 646 сая орчим ам.долларын алдагдлыг хүлээх тухай 4.5 дахь заалт, АМНАТ-ыг тооцож төлөхтэй холбоотой 6.1 дэх заалт, Рио-Тинто төслийн санхүүжилттэй зээлийн баталгааг гаргасан шимтгэл, үнийн 1.9 хувьтай тэнцүү байх 5.5.В,  төслийн санхүүжилтийн зээлийг авахыг зөвшөөрч “Туркис Хилл” компанид төлөх зээлийг эргэн төлөх зорилгоор зарцуулахыг зөвшөөрсөн 5.5.А гэх зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй мэдээлсэн юм. Нэг үгээр хэлбэл, тухайн үеийн эдийн засгийн хүнд нөхцөлөөс болж бид хөрөнгө оруулагч талын тавьсан дээрх саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг аж. Үүнээс болж, зардал хэтрэх бүрд ноогдол ашиг авах хугацаа хойшлох үндэслэл үүссэн гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд тайлбарласан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хөрөнгө оруулагч талд илэрхийлсэн бөгөөд гэрээг цуцлах санал тавьсан байгаа юм байна. Яриа, хэлэлцээр амаргүй нөхцөлд үргэлжилж байгааг тэрбээр хэлээд “Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг өөрчлөх хатуу үүрэг өгсөн байсан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ажлын хэсэг хүнд сорилтын дунд ажилласан. Ахиц, үр дүнг чамлахааргүй ч үүнтэй зэрэгцээд улс төржилт нэмэгдсэн” гэлээ. Засгийн газрын зүгээс энэ асуудлыг олон улсын хэлэлцээр биш, гэрээ биш гэж үзэж байгаа аж. Тиймээс ч шийдэгдэх боломжтой гэж үзэн, амаргүй хэлэлцээрийн ширээний ард суугаад ажиллаж байгаа болохыг нэр дэвшигч хэлсэн. Цаашид энэ асуудлаар Улсын Их Хурал, Засгийн газар нэгдмэл байр суурьтай байж гэмээнэ шийдвэрлэх боломжтой гэв. Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зарим бичиг, материал алдагдсан асуудал үүссэн бөгөөд холбогдох хяналт шалгалтыг явуулж, хариуцлага тооцох ёстой гэдэг байр суурьтай байгаагаа мэдээллийн үеэр хэлж байсан.

Боловсролын асуудлаарх гишүүдийн асуултад тэрбээр мөн хариулт өгсөн. Монгол Улсын боловсролын өнөөгийн тогтолцоо олон улсын жишигтэй харьцуулахад учир дутагдалтай, онцгой анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа гэсэн юм. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дундаж давхаргыг тэлэх тогтолцооны хөтөлбөр гэсэн томоохон зорилт байдаг бөгөөд энэ хүрээнд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр гурван багц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасныг дурдав. Ирэх жилүүдэд боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд “Эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ тодорхойлж, хэрэгцээтэй боловсон хүчнийг бэлтгэх  ажлыг зохион байгуулна. Шинжлэх, технологийн салбар, тэр дундаа бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг тэргүүлэх чиглэлд тодорхойлж дэмжиж ажиллана. Шинжлэх ухааны академийн уламжлалт арга барилыг өөрчилж, их дээд сургуулиудын үйл ажиллагаатай уялдуулан, эдийн засагжуулах шаардлагатай. Инновацыг дэмжих ёстой. Ингэж гэмээнэ эдийн засаг хурдтай өсөж, тогтвортой байх чиглэлийг баримталж ажиллана” гэсэн.

    Боловсролын багц хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэхээр төлөвлөөд ажиллаж байгааг энэ үеэр дурдсан юм.

    Монгол Улсад 2019 оны байдлаар төрийн өмчит 1150, орон нутгийн өмчийн 4862 хуулийн этгээд байдаг. Нийтдээ 6012 хуулийн этгээдийн тоонд төрийн бүх байгууллага, эмнэлэг, сургуулиас гадна төрийн болон орон нутгийн өмчит компаниуд багтсан байдгийг хэлж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын талаар байр суурийг нь гишүүд асуусан. Энэ асуудалд онцгой анхаарах шаардлага үүссэн гэдэгтэй санал нэг байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүн хэлж байлаа. Өмнөх Засгийн газар энэ чиглэлээрх ажлын хэсэг байгуулан, ажиллуулсан гэв. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтнуудын цалин, хангамж, бусад асуудал дээр томоохон өөрчлөлтүүд хийхээр төлөвлөсөн бөгөөд үүнийг хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарна гэдгээ хэллээ. Гэхдээ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг бүрэн хувьчлахтай санал нийлдэггүй гэдгээ дурдаад “МИАТ, Төрийн банкыг хувьчлах асуудал хөндөгдөж, ажлын хэсэг байгуулагдах үед ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Хувьчлах юм бол дотоодын биржээр, олон нийтэд нээлттэй арилжих ёстой. Үүнээс биш, улс төрд нөлөө бүхий хэн нэгэн этгээд танил талаараа дамжуулан банкны салбарын бизнест орооцолддог ч юм уу, эсвэл төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилж авах асуудал байж болохгүй гэж үзсэн. Тиймээс төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, компаниудын талаарх асуудлыг нухацтай, үе шаттай шийдвэрлэх байдлаар компанийн засаглалыг нь олон улсын түвшинд хүргэхээр ажиллах болно” гэсэн.

   Монгол Улсын Ерөнхий сайдаар Улсын Их Хурлын гишүүн Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний 58 нь буюу 87.9 хувь нь дэмжсэн. Ингэснээр “Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Г.Занданшатар дарга тогтоолын эцсийн найруулгыг уншиж танилцуулсанаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Д.Оюун-Эрдэнийг томиллоо. 

 

 

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна