Дөрвөн настай хүүхдийн ходоодноос 56 ширхэг соронз авчээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч А.Цэнджав ахлагчтай мэс заслын багийнхан өнгөрсөн долоо хоногт соронз залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийжээ. Хүүд өвчний шинж тэмдэг 20 гаруй хоногийн өмнө цустай бааж мэдэгдсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт ЭХЭМҮТ-д хэвтэж, маргааш нь мэс засалд орсон байна. Хүү олон тооны соронз залгиснаас ходоод хоёр газар, дээд гэдэс гурван газар цоорсон байжээ. Мэс заслын явцад хүүгийн ходоодноос жижиг эрхиний хэмжээтэй 56 ширхэг соронз авсан байна. Эмч нар “Хагалгаа амжилттай болсон, хүүхэд босож явж, өнөөдрөөс хоолонд орж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ соронзтой тоглоомоор аль болох тоглуулахгүй, хэрэв тоглоом нь соронзтой бол эрэг, боолтыг шалгаж байхыг дахин анхааруулмаар байна” гэлээ.
Зөвхөн соронзтой тоглоом гэлтгүй тоглоомны батерей, жижиг хэсэг, лего тоглоом, самар, ааруулын хэлтэрхий, ээмэг, зүүлтний кулон гэх мэт зүйлс залгих, цэвэрлэгээний шингэн бодис уух, чих, хамар руугаа юм оруулах зэрэг хүүхдэд аюултай юмс бидний эргэн тойронд олон байдаг тул эцэг, эхийн анхаарал, халамж маш чухал. 2 хүртэл насны хүүхэдтэй эцэг, эхчүүд гэртээ мөлхөө үзлэг хийх, бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд хүүхдэд аюулгүй орчинг бүрдүүлэх нь чухал байна.  Бидний хайхрамжгүй байдал хойшлуулж болшгүй эрсдэлийг дагуулж байдаг. Болзошгүй эрсдэлийг хүүхдийн орчинд бүү үүсгээрэй. 


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна