Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй уулзалт зохион байгууллаа
2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн, Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох, Анхан шатны тусламжийн хэлтсийн дарга С.Энхцолмон, ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа нар оролцож, коронависруст халдвар (COVID-19)-ын өнөөгийн нөхцөл байдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг коронавируст халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдэнд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Э.Амбасэлмаа Улаанбаатар хотод халдварын голомт буурахгүй, ялангуяа Баянгол дүүргийн 12, 25, Баянзүрх дүүргийн 2, 26, Сүхбаатар дүүргийн 1,5, Сонгинохайрхан дүүргийн 1, 25 дугаар хороодод тархсан халдвар идэвхитэй байгаа тул гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийг хянах, тандалт, судалгаа хийх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх, түүнчлэн өрхийн эрүүл мэндийн төвд илэрсэн сэжигтэй тохиолдлын үед авах арга хэмжээний талаар заавар, зөвлөгөө өглөө.