Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв
Ажлын хэсгийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа хуулийн төслийн зорилго, зохицуулах харилцаа, хамрах хүрээ, газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэрийн эрх зүйн үндсийг тодорхой болгож, үйлдвэр бүрэн хүчин чадлаар ажиллах хүртэлх хугацаанд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байх зохицуулалтыг тусгажээ. Мөн үйлдвэрийн барилгад шаардагдах машин механизм, техник тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материалыг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн түргэвчилсэн бүрдүүлбэр хийхээр холбогдох зохицуулалтыг нэмж оруулсан байна.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн ашиглалтын үйл ажиллагаанд шаардагдах олон улсын норм, стандартыг монгол хэлнээ орчуулж, нутагшуулах, газрын тосны хайгуул, ашиглалт явуулах талбайг давуу эрхээр тус компанид олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэх, үйлдвэрийн газрын тос хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг орон нутгийн удирдлага олгох, тухайн орон нутгийн бүтээн байгуулалтыг дэмжиж ажиллах зэрэг зарчмын зөрүүтэй 13 санал гаргасныг Байнгын хороо хэлэлцэж дэмжжээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хурааж шийдвэрлэв. Тухайлбал, хуулийн төслийн нэгдүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах төрийн өмчит үйлдвэр (цаашид “газрын тос боловсруулах үйлдвэр” гэх) байгуулах болон түүхий тос дамжуулах хоолойд гарах үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж өөрчлөн найруулах, үүнтэй холбоотойгоор төсөлд тусгагдсан нэр, томьёог Газрын тос боловсруулах үйлдвэр гэж жигдлэх саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.
Мөн төслийн 3 дугаар зүйлд “Энэ хууль нь газрын тос боловсруулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөнө” гэсэн агуулгатай 3.4 дэх хэсэг, 4 дүгээр зүйлд “барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ Гаалийн тухай хуульд заасны дагуу гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хийх” гэсэн агуулгатай 4.1.6 дэх заалт, мөн зүйлд “орон нутгийн удирдлага нь Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой бариа, газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх” гэсэн агуулгатай 4.1.7 дахь заалтыг тус тус нэмэхээр тогтов.
Түүнчлэн төслийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг “энэ хуулийн 6.1-д заасан газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулах талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ” гэж, 6.4 дэх хэсгийг “Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 6.2-т заасны дагуу олгогдсон талбайд өмнө хийгдсэн геологи, геофизик, гидрогеологи, геохими, өрөмдлөг зэрэг хайгуулын ажлын анхдагч болон боловсруулалт хийгдсэн тайлан, материал, мэдээллийг Газрын тос боловсруулах үйлдвэрт үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж өөрчлөн найруулахыг дэмжив. Мөн төслийн талаарх найруулгын чанартай дөрвөн саналаар санал хураалт явуулж шийдвэрлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.