Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалаа нөхөн төлөх хугацааг сунгахаар боллоо

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль баталж, 2019 онд уг хуульд орсон нэмэлт, өөрчлөлт оруулж хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн. Улмаар Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх хуулийн үйлчлэлд 28.1 мянган иргэн хамрагдах, тэтгэврийн даатгалын санд 42.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр, уг сангаас 8.8 мянган малчин хувиараа, хөдөлмөр эрхлэгчийн тэтгэвэрт 37.3 тэрбум төгрөг зарцуулахаар тодотгосон байна.

Харин дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдварын цар тахалтай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хөл хорио тогтоож, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагаа доголдон орлого буурч, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжгүй болоод байгаа. Түүнчлэн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" Улсын Их Хурлын 2020 оны 36 дугаар тогтоолд  Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай заасан. Энэ үндсэн дээр Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн хэрэгжих хугацааг сунгах шаардлагатай гэж төсөл санаачлагч гишүүд үзсэнийг Улсын Их Хурал ийнхүү дэмжлээ.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна