Өнөөдөр Карл Бенз бензин хөдөлгүүртэй машинд патент авсан өдөр

1886 оны 1-р сарын 29-ний өдөр Германы хөдөлгүүр зохион бүтээгч, авто инженер ноён Карл Фридрих Бенз /Carl Friedrich Benz/ дэлхийн анхны бензин хөдөлгүүртэй мотороор ажилладаг машиндаа DRP-37435 дугаартай патент авсан нь орчин үеийн автомашины салбар үүсч хөгжих эхлэл болсон гэж хэлж болох юм. Энэ эрхэм ийм амжилтанд хүртлээ ямар зам туулсан бэ?
1844 оны 11-р сарын 25-нд одоогийн Герман улсын Карлсруэ хотод мэндэлсэн бөгөөд түүний аав Иоханн Георг Бенз нь галт тэрэгний зүтгүүрийн машинист байжээ. Харамсалтай нь аав нь түүнийг 2 настай байхад бурхан болсон тул эцгийг нь хүндэтгэн хүүг Карл Фридрих Бенз хэмээн нэрлэв. Хэдийгээр ядуу амьдардаг байсан ч ээж нь түүнийг боловсролтой нэгэн болоход анхаарч сургуульд сургасан бөгөөд хүү ч амжилттай суралцан 9 настайдаа шинжлэх ухааны хичээл ордог лицейд элсчээ. Дараа нь Политехникийн дээд сургуульд элсэн эхлээд засварчнаар сурсан бол удалгүй аавтайгаа ижил галт тэрэгний инженерээр суралцжээ. 1860 онд 15 насандаа Карлсруэгийн Их Сургуульд механик инженерийн шалгалт өгөн тэнцэж, 1864 онд төгсчээ.
Сургуулиа төгссөнийхөө дараа Бенз 7 жилийн туршид хэд хэдэн компани дамжин төрөл бүрийн ажил хийж үзэв. Ингээд 1871 онд Август Риттертэй нэгдэн Маннхайм хотод төмөр хийц, механикийн үйлдвэр байгуулав. Үйлдвэрээ удалгүй нимгэн төмөр үйлдвэрлэх машины үйлдвэр болгожээ. Эхний жилдээ үйлдвэр маш муу ажилласан бөгөөд Риттер шантарч үйлдвэрийн зарим хэсгийг барьцаалан авчээ. Энэ үед Бензийн сүйт бүсгүй Берта Рингер өөрийнхөө инжинд ирсэн хөрөнгөөр Риттерийн эзэмшиж байсан хувийг худалдан авснаар бэрхшээлээс гарав. 1872 онд Бенз, Берта нар гэрлэсэн бөгөөд таван хүүхэдтэй болсон юм.
Эхний бизнес нь амжилт олохгүй байсан ч Бенз шантралгүй гэргийнхээ хамтаар үйлдвэрээ шинэ төрлийн хөдөлгүүр бүтээхэд зориулан уйгагүй зүтгэж байлаа. 1878 онд шинэ патент авахаар эхлүүлсэн түүний зорилго нь найдвартай түлшээр ажилладаг, хоёр шатлалт хөдөлгүүр бүтээх байсан юм. Энэ бүтээлээ тэрээр 1879 оны 12-р сарын 31-нд амжилттай дуусгаж чадсан. Хэд хэдэн туршилтын эцэст 1880 оны 06-р сарын 28-нд патент авч чадав.
Тэрээр энэхүү хөдөлгүүрээ төгөлдөржүүлэх явцдаа жинхэнэ суу билэгтэн гэдгээ харуулж чадсан. Түүний хөдөлгүүр удалгүй хурд зохицуулах систем, оч хаягчийг өдөөх батерей, очлуур, карбюратор, авцуулах холбоо мөн ус ашигласан хөргөх систем буюу радиатортай болж ахин патентлагдав. Тэд бүтээгдхүүнээ өргөжүүлэхийн тулд томоохон корпрацийн дэргэд очиж байж банкны зээл авах хэрэгтэй болсонд 5-хан хувийн өмчлөлөө авч үлдэн Gasmotoren Fabrik Mannheim компани болсон ч удалгүй тусдаа гарч ахин цааш бие даан хөгжих замаа сонгожээ.
Эцэст нь түүний насан туршийн хобби нь Бензийг унадаг дугуй засварын газар ажиллуулдаг Макс Роуз, Фридрих Вильгельм Эсслингер нартай уулзуулав. Тэд 1883 онд автомашин үйлдвэрлэх хамтарсан Benz & Companie Rheinische Gasmotoren-Fabrik буюу товчоор Benz & Cie гэж нэрлэгдэх компани байгуулж 25 ажилтантай болов. Компаний эхний зорилго нь Бензийн морьгүй сүйх тэрэг бий болгох тэмүүлэл дээр тулгуурлаж байлаа. Тэд ундаг дугуйтай холбоотой туршлага дээрээ үндэслэн түүнтэй ижил төстэй загварыг эхлээд хөгжүүлсэн. Түүний давуу тал нь бусад сүйх тэрэгнүүдтэй адил модон дугуйтай биш хэгээстэй дугуй ашигласан нь байв. Мөн өөрийн зохион бүтээсэн дөрвөн шатлалт хөдөлгүүрийг хойд дугуйнуудын хооронд байрлуулж, дэвшилтэт ороомогтой очлуур ашигласан бөгөөд радиатор гэхээсээ илүү ууршуулан хөргөх системтэй хийжээ.
Харин хөдөлгүүрийн эргэлтийг хоёр бул ашигласан гинжээр дамжуулан хойд дугуйтай холбов. Энэ бүтээл 1885 онд дуусч түүнд “Benz Patent Motorwagen” гэдэг нэр өгөв.
Энэ бол анхны мотортой өөрөө явагч хэрэгсэл буюу автомашин байсан бөгөөд энгийн мотортой явагч юм уу? морин тэрэгний хүч нэмэгч байгаагүй тул Бенз 1886 оны 01-р сарын 29-нд патентжуулж авсныг эхэнд та бүхэн мэдэж авсан.
1885 оны загвар нь жолоодохд хялбар байгаагүй тул олон нийтэд үзүүлэх үед хана мөргөж байсан. Түүнийг ахин сайжруулсны эцэст нийтийн эзэмшлийн талбайд амжилттай явсан туршилтыг 1886 оны зун хийгдсэн. Харин үүний дараа жил Бенз хэд, хэдэн нэмэлт өөрчлөлт хийж Моторваген Модель 2 загвараа гаргаж, 1889 оны Парисын үзэсгэлэнд модон дугуйтай 3-р загвараа танилцуулж байжээ. Гэвч энэхүү үзэсгэлэнд орохоос өмнө тэд 1888 оноос “Бенз Патент Моторваген” нэрээр сурталчилгаа хийсний үр дүнд автомашинаа борлуулж эхэлсэн нь мөн л албан ёсоор анхны худалдаанд гарсан автомашин болсон билээ.
1888 оны загвар нь ердөө хоёрхон араатай байсан тул уулруу өгсөхдөө хүч алддаг байсан тул Берта өөрийн дураар аялаж байхын тулд нөхөртөө нэмэлт араа хийхийг санал болгож энэ асуудлыг шийдүүлснээс гадна 106 км аялсан алдартай аялалынхаа үеэр тормозны гишгүүр хийх санааг анхлан олж байжээ.
Харин энгийн дугуй засварын газраас эхэлсэн энэхүү компани өнөөдөр дэлхийн авто машины зах зээл дээр чухал тоглогчдын нэг болсон билээ. 
Эх сурвалж: Хашир Анжгай ингэж өгүүлэв блог


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна