ЭМЯ: Хавдрын эмчилгээнд иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй боллоо
Дэлхий дахинд жил бүр 19.3 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 10 сая орчим хүн хорвоогоос хальж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцооллоор жилд 100 сая иргэн эрүүл мэндийн тусламж үйчилгээтэй холбоотойгоор ядууралд өртдөг гэж үзэж байна. Манай орны хувьд жилдээ 6000 орчим хүн хорт хавдраар шинээр оношлогдон, 4000 гаруй хүн нас барж, нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой ядууралд жил бүр 20 000 орчим хүн өртдөг гэсэн судалгаа байна.
Өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйд томоохон өөрчлөлтүүд орж, энэ оны 01 сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь хавдрын үеийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь санхүүжүүлэх шийдвэр байлаа. Энэ шийдвэр нь хорт хавдраар шаналж буй олон иргэн, гэр бүлд ихээхэн дэмжлэг болох нь дамжиггүй.
Энэ онд хавдрын тусламж үйлчилгээнд гарах зарим нэг шинэчлэлээс дурдвал:
Хавдрын эмчилгээнд ороход иргэн хувиасаа төлбөр төлөх шаардлагагүй: Өмнөх жилүүдэд хавдрын эмчилгээнд ороход иргэн 25 хувийн төлбөрийг хувиасаа гаргадаг байсан бол энэ оноос иргэд ямар нэгэн төлбөр төлөхөөргүй болж байна. Энэ нь иргэдийг уг өвчний улмаас санхүүгийн эрсдлээс хамгаалсан томоохон шийдвэр боллоо.
Эх орондоо бүрэн оношлогддог болно: Хавдрын үеийн оношилгоонд нэн чухал аппарат бол ПЕТ-СТ юм. Энэ шинжилгээний аппарат Монголд анх удаа Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр суурилуулж ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Шинжилгээгээр хавдрын үсэрхийллийг бүрэн илрүүлдэг ба эмчилгээний арга техник сонгох болон үр дүн бүрэн хянах боломжтойгоороо давуу талтай юм. Уг шинжилгээнд орохын тулд иргэд заавал гадаад улс орон руу явдаг байсан бол энэ оноос эх орондоо оношлогдох бүрэн боломжтой боллоо.
Химийн эмчилгээнд хэрэглэдэг эмийн чанарт онцгой анхаарч, бай эмийн эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлж эхлэнэ: Хорт хавдрын үед хими эмчилгээний оролцоо 50 гаруй хувьтай байдаг ба энэ нь хавдраар оношлогдсон хоёр хүн тутмын нэг нь хими эмчилгээнд ордог гэсэн үг юм. Эрүүл мэндийн яамнаас аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүд хими эмчилгээ хийх боложтой болж байгаа бөгөөд энэ нь уг тусламж үйлчилгээ авах гэж хөдөө орон нутгаас ирэх иргэдийн урсгалыг бууруулж, ХСҮТ дээрх ачаалал бууруулах ач холбогдолтой. Нөгөө талаар хавдрын хими эмчилгээний үед хэрэглэдэг эмийн чанар дээр онцгой анхаарч олон улсын төвшинд хэрэглэдэг чанартай эм авах бэлтгэл ажлаа хангаж байна. Химийн эмчилгээнд уламжлалт стандарт эмээс гадна бай эмийг эрүүл мэндийн даатгалаар санхүүжих боломжтой болно. Бай эм гэдэг нь зөвхөн хавдрын тухайн эсэд үйлчилдгээрээ давуу талтай юм.
Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрээ байгуулсан төр хувийн хэвшлийн эмнэлэгүүд үзүүлдэг болно: Хавдрын үеийн хөнгөвчлөх тусламж үйлчилгээ оочер дараалал ихтэй, өндөр ачаалалтай байдаг. Эрүүл мэндийн даатгалын хуулийн өөрчлөлтөөр уг тусламж үйлчилгээнд даатгалаас олгох өртгийн хэмжээ нэмэгдэж, төр хувийн хэвшлийн аль ч эмнэлгээр уг үйлчилгээг авах болсноор тусламж үйлчилгээний хүлээгдэл буурах боломжтой боллоо.