Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Ц.Өнөрцэцэгийг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож, албан тушаалтанд хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулжээ. Харин Б.Сайханцэцэгийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа хээл хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ял оногдуулсан байна. Мөн Ц.Өнөрцэцэгээс хууль бус хөрөнгө болох 20 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарыг бусадтай урьдчилан үгсэн тохиролцож албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт тус бүр 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс Ц.Өнөрцэцэг, Б.Сайханцэцэг нарт холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн заалтыг хүчингүй болгож, Ц.Өнөрцэцэгт оногдуулсан 1 жил хорих ялыг хэвээр үлдээж, Б.Сайханцэцэгийг төрийн албан тушаал эрхлэх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэв.