Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гарсан давуу талууд

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан билээ. Банкны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилтийг хангуулснаар банкны хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурч, өмчлөл-удирдлага-хяналтын тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн арилжааны банкуудад хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэлтэй эрсдэл буурч, банкны хувьцааны эзэмшил, мэдээллийн хүртээмжээр дамжуулан олон нийтийн хяналт бий болох, зах зээлийн дохиолол бүрдэх, банкны хяналт шалгалтын бие даасан байдал нэмэгдэхээс гадна хөрөнгийн зах зээлийн хөгжилд эерэгээр нөлөөлөх олон давуу талыг бий болгоно.

Монгол Улсын арилжааны банкуудад хувьцаа эзэмшигчдийн төвлөрөл хэт өндөр буюу 3 хүртэлх тооны хувьцаа эзэмшигч нийт хувьцааны 90-ээс дээш хувийг эзэмшиж байгаа дүр зурагтай байна. 2020 оны 11 сарын эцсийн байдлаар банкны салбарын нийт активын хэмжээ 35.8 их наяд төгрөг байгаа бөгөөд үүний 90 орчим хувийг бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгө, үлдсэн 10 гаруй хувийг банкны эздийн өмч бүрдүүлж байгаа тул уг салбарын засаглалыг ахиулж, илүү ил тод, нээлттэй болгох нь зүйтэй. Үүний тулд, Банкны тухай хуульд дараах 4 үндсэн зарчмыг баримтлан нэмэлт, өөрчлөлт орууллаа. Үүнд:

1.      Банкийг нээлттэй болгох. Банкны системийн хэмжээнд нийт 12 банк үйл ажиллагаа явуулж байгаас системд нөлөө бүхий 5 банк хуулийн зохицуулалтын дагуу 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн зах зээлд IPO гаргасан байх үүрэгтэй болно. Харин бусад банкуудад нээлттэй эсхүл хаалттай хувьцаат компани байх сонголтыг нээлттэй үлдээв.

2.      Хувьцаа эзэмшигчдийн төвлөрлийг бууруулна. Нэг хувьцаа эзэмшигч дангаараа болон холбогдох этгээдийнхээ хамт тухайн банкны нийт гаргасан хувьцааны 20 хувиас хэтрэхгүй хэмжээний хувийг эзэмшихээр тусгаж өгсөн. Хуулийн энэхүү шаардлагыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүх банк хангах үүрэгтэй.

3.      Банк татан буугдсан үед төлбөр барагдуулах дарааллыг ойлгомжтой болгох, хуримтлалтай иргэн, өрхийн хууль ёсны эрхийг хамгаалахад чиглэсэн байдлаар оновчтой байлгах зохицуулалтыг хуульд тусгав. Энэ хүрээнд  иргэд тэргүүн ээлжинд хадгаламж болон харилцах дансанд байгаа өөрийн мөнгөн хөрөнгийг хуулийн этгээдийн өмнө буюу тэдгээрээс тэргүүн ээлжинд авна.

4.      Банкны систем дэх нөлөө бүхий банкны тодорхойлолтыг нарийвчлан боловсронгуй болгов. Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд зааснаар нийт системийн таваас дээш хувийг эзэлж байгаа бол системийн нөлөө бүхий банк гэж тодорхойлсон. Харин энэ зохицуулалтаар зөвхөн зах зээлд эзлэх хувиар бус банкны хөрөнгө, төлбөрийн систем дэх гүйлгээний нийт дүнд эзлэх хувь, банкны үндсэн үйл ажиллагаа, санхүүгийн тогтолцоо дахь хамаарал, мөн харилцагчдын тоо бусад хүчин зүйлсийг авч үзэхээр тусгав.

Цаашид банкууд хувьцаат компани болж, хөрөнгийн захад үнэт цаас гаргах тохиолдолд ил тод байдал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, ашигт ажиллагааны тодорхой шалгуур тавих, зохистой засаглалын зарчмын шаардлага нь өргөн хүрээнд тавигдах болж байна.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна