“Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газар, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэл, Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнтэй хамтран өнөөдөр (2021.02.02) “Парламентын хянан шалгах үйл ажиллагаа” сэдэвт онлайн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд парламентын хянан шалгах чиг үүргийг нэмэгдүүлсэн. Үүний дагуу Улсын Их Хурлын даргын 2020 оны 62 дугаар захирамжаар Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх, хууль тогтоомж болон хөгжлийн бодлогын баримт бичгүүдийн хоорондын уялдаа холбоог хангах, баталж байгаа хууль тогтоомжийн чанарыг сайжруулах, амьдралд бодитоор хэрэгжүүлэх, засаглал хоорондын хяналт тэнцлийг хангах, давхардал хийдлийг арилгахад энэ хуулийн төсөл чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жилүүдэд парламентаас хууль тогтоох чиг үүрэгт түлхүү анхаарч ирсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд парламент хяналт шалгалтын арга хэрэгслээ боловсронгуй болгож, хяналтын нэгдсэн тогтолцоотойг бүрдүүлэх шаардлагатай” хэмээн онцолсон юм. Тэрбээр хуулийн төслийн бүтэц, хамрах хүрээг парламентын хяналтын зорилго, зорилт, парламентын хяналтын зарчим, хэлбэрүүд, оролцогч талуудын чиг үүрэг, парламентын хяналтыг хэрэгжүүлэх цаглабар, парламентын хяналтын зохион байгуулалт, түүнд үзүүлэх дэмжлэг, парламентын хяналтын үр дагавар бусад, мэдээллийн сан гэсэн үндсэн 8 зүйлийн хүрээнд боловсруулж байгааг дурдав.
Хэлэлцүүлэгт АНУ-ын талаас АНУ-ын Конгрессын гишүүн асан Эрик Полсэн, Батлан хамгаалахын туслах нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Тодд Розэнблум, АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Пол Райаны ахлах зөвлөх асан Марк Эпли нар оролцож “Парламентын хянан шалгах үйл ажиллагааны танилцуулга: Хууль тогтоох байгууллагаас гүйцэтгэх засаглалд тавих хяналт”, “Хянан шалгах хороонд нь парламентын хянан шалгах үйл ажиллагааны арга хэлбэр болох тухай”, “Засгийн газрын тайлан, мэдээг сонсох нь гүйцэтгэх засаглалд хяналт тавьж, хариуцлагыг дээшлүүлэх арга хэлбэр болох тухай” гэсэн үндсэн сэдвүүдээр мэдээлэл өглөө.