Зах худалдааны төвүүд QR код уншуулахгүй, халдвар ариутгал хангалтгүй хийж байна
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх томоохон худалдааны төв, захад халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүний бөөгнөрөл ихтэй, QR код уншуулахгүй байх, ариутгал халдваргүйжүүлэлтийг хангалтгүй хийдэг, агаар сэлгэлт муу, зай барих тэмдэглэгээ хийгээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Мөн бага насны хүүхдүүд захаар үйлчлүүлэх, халуун хэмжих ажилтан тогтсон байршилдаа сууж ажиллахгүй байх, гар ариутгалыг хүн бүрээр хийлгэдэггүй нь шалгалтаар тогтоогджээ. Иймд дээрх зөрчлүүдийг арилгаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж ажиллахыг зах, худалдааны төвүүдийн менежер, удирдлагуудад анхааруулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.