Говь-Алтай аймаг бөхөн, хар сүүлтийн биотехникийн тусламжид 350 боодол өвс хүргэжээ

Говь-алтай аймгийн нийт нутгаар цас орж, хүйтний эрч чангарч байгаагаас зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газруудад өвөлжилт хүндэрсэн нөхцөл байдалтай байна. Болзошгүй аюул, эрсдлээс зэрлэг амьтдаа хамгаалах, ямарваа нэг хорогдол гаргахгүй байх зорилгоор аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

Монгол бөхөн, хар сүүлт зээрийн гол тархац нутаг болох шаргын говь, халиуны хоолой зэрлэг амьтдын өвөлжилтийн нөхцөл байдалтай уялдуулан өвс тэжээлийг нэн тэргүүнд хүргэж ажиллажээ. Тухайн бүс нутагт цасны зузаан 2-5 см байгаа хэдий ч өвсний гарц муу, шөндөө Шаргын говийн бүс нутгийн орчимд -40 гардус, хөрсөн дээр -45 градустай хонож байгаа нь зээр, бөхөн осгох, бээрэх нэг үндсэн шалтгаан болоод байгаа юм. Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдол үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан биотехникийн арга хэмжээнд зориулж Бигэр, Тайшир, Чандмань, Дэлгэр зэрэг сумдад байгаль хамгаалах нөхөн сэргээх зардлаар бэлтгэсэн нөөцөөс нийт 350 боодол өвс хүргэжээ. Цаашид цаг хүндэрсэн нөхцөл байдал бүхий Шаргын говь, Халиун, Бигэр, Цогт, Чандмань, Эрдэнэ сумдын нутагт  хуваарийн дагуу өвс хүргүүлж ажиллана хэмээлээ.

Энэхүү үйл ажиллагааны үеэр осгож үрэгдсэн зээр, бөхөн таарсангүй, Олон булагийн заг, Халиуны хоолойн заганд амьтад төвлөрсөн байдалтай байсан байна.Мөн нийт төвлөрөл бүхий 3 цэгт 40 боодол өвс тараажээ. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сумдад орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай тохирох биотехникийн арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч ажиллахаар төлөвлөжээ. Өвөлжилт хүндрэхэд цас зуднаас шалтгаалан идэш тэжээл хайж, суурьшлын бүс рүү орж ирдэг зэрлэг амьтдын дийлэнх нь нохойнд бариулж, багагүй хувь нь хүний үйл ажиллагааны золиос болж тоо толгой нь цөөрдөг байна. Биотехникийн арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлснээр цаг уурын хүндрэлийг эрсдэл багатай даван туулах нөхцлийг бүрдүүлж ховордсон болон ховордож байгаа зэрлэг амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцлийг сайжруулж байгаагаараа ач холбогдолтой юм.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна