Улаанбаатар хотод нэмж 31 хүнээс коронавирус илэрлээ

НОК: Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд  нийслэлд  нийт 11867 хүнд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна. Үүнд шинжилгээний 30 төв,  тандалтын  10 баг ажилласан бөгөөд  417 ажилтан, албан хаагчид  ажиллалаа.

ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 3-нд хийсэн PCR шинжилгээгээр  31 хүнээс коронавирус илэрсэн бөгөөд бүгд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн. Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шинжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмэгтэй байна. Ингэснээр Улаанбаатар хотод шинээр нэлээн томоохон хоёр голомт үүслээ” гэв.

Улаанбаатар хотод нийт батлагдсан тохиолдол 1054, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1380 тохиолдол болжээ. 

Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад коронавируст халдварын нийт  1890 тохиолдол болж байна. Үүнээс 1 398 хүн эдгэрээд байгаа бол 479 хүн эмчлүүлж байна.

Сүүлийн 24 цагт 6 хүн эдгэрч гэртээ гарчээ.

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна