АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХ ЧИГЛЭЛ БҮХИЙ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН БОЛЛОО

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооноос Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагуудад чиглэл өгөх Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Энэхүү ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн хуралдаан 2021 оны 2-р сарын 03-ны өдөр Монголын хөрөнгийн биржийн байранд хуралдлаа. Уг хуралдаанд Ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Т.Аубакир, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай, Зөвлөх инженер Д.Бат-Эрдэнэ нар оролцлоо.  Хуралдааны үеэр дэд ажлын хэсгийн гишүүн Зөвлөх инженер Д.Бат-Эрдэнэ, МХБ-ийн Бүртгэлийн албаны ахлах мэргэжилтэн Д.Нямдорж, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ийн Металлын төсөл хариуцсан захирал Г.Ганболд нар ордын геологийн нөхцөл болон МХБ-ийн үнэт цаасны бүртгэл, эрх зүйн зохицуулалтын талаар илтгэл танилцуулга хийв.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалтад стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалахаар заасан байдаг бөгөөд Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахад шаардлагатай туршилт, судалгаа хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх тухай тусгагдсан байна. 

 

 


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна