А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд 34 хүнд коронавируст халдвар илэрлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 34 хүнээс коронавирус илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээллээ. ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Дорнод, Ховд аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ 14 978 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 24 цагийн хугацаанд шинээр гарсан 34 коронавируст халдварууд нь өмнөх батлагдсан тохиоллуудын ойрын хавьтлуудаас илэрлээ. Мөн сайн дураараа цэгт ирж шинжилгээ өгсөн хүний шинжилгээнд коронавирус илэрсэн байна. Аймгуудад өвчлөл бүртгэгдээгүй. Улаанбаатарын коронавируст халдварын батлагдсан тохиолдол нийтдээ 1187 болсон байна. Улсын хэмжээнд каластер өвчлөлийн голомтонд нийт 1513 тохиолдол бүртгэгдсэн байгаа. Өнгөрсөн 24 цагт 14 хүн эдгэрч гэртээ гарсан байна. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2023 гарснаас 1463 хүн эдгэрсэн нь 72,3 хувийг эзэлж байна.


Шүүдэр П
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна