Анна Каренина жүжгийг 1 сарын хугацаанд 12 мянган хүн үзжээ

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн. Өнөөдөр /2020.10.31/ “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолт болно. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 27, 28 дахь удаагийн тоглолтоо өнөөдөр 12.00 цаг, 17.00 цагт үзэгчдэд толилуулах гэж байна.

Үзэгчдийн дунд хүлээлттэй байсан “Анна Каренина” жүжгийн тасалбар аравдугаар сарын 31-нийг хүртэл зарагдаж дууссан бөгөөд дараагийн тоглолтын товыг тун удахгүй мэдээлэх ажээ. “Анна Каренина” сонгодог жүжгийг нэг сарын хугацаанд 12 мянган үзэгч үзээд байгаа аж.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээсэн. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглож байна.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээж буй.

“Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарсан бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв.


Цэцэн Г
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ