Коронавируст халдварын тоо 50-аар нэмэгдэж 1237 боллоо
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 12 250 хүнд хийсэн PCR шинжилгээгээр 50 хүнээс коронавирус илэрчээ. Шинээр илэрсэн бүх тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгджээ.
Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:“Бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна. Сүүлийн 24 цагт “Монгол шир” ХК, Наркологийн эмнэлэг, СХД-ийн худалдааны төв, Банк бус санхүүгийн байгууллага, Микс пицца, гутлын цехтэй холбоотой, гэр бүлийн халдварын дамжсан хавьтлуудын дундаас коронавирус илэрсэн. Улаанбаатар хотод коронавирусний халдварын 1237 тохиолдол бүртгэгдээд байна. Бусад аймагт халдвар бүртгэгдээгүй. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 1513 тохиолдол бүртгэгдсэн” гэв.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2073 болж байна. Үүнээс 1493 хүн буюу 72 хувь нь эдгэрчээ.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгээс 30 хүн эдгэрч гэртээ гарчээ. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 567 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг нь маш хүнд , 5 нь хүнд, 77 нь хүндэвтэр, 484 нь хөнгөн оноштой байна.