Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ, Засгийн газрын зарим гишүүний хамт Баян-Өлгий аймагт ажиллаж байна. Аймгийн удирлагуудтай уулзаж нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар эхлээд мэдээлэл сонслоо. Ерөнхий сайд,
-Тендерийн сонгон шалгаруулалтыг яаралтай дуусгаж хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлэх эрүүл мэндийн үзлэг оношилгооны бэлтгэл ажлыг сайтар хангах, Атрын IV аянд идэвхитэй оролцохыг аймгийн удирдлагуудад үүрэг болгов. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн иргэдэд "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг танилцуулж, саналыг сонсов.
Ерөнхий сайд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын цөм нь Монгол Улсын эдийн засгийн суурийг тэлэх, 40 их наяд төгрөгийн эдийн засгийг 3-4 дахин нэмэгдүүлэх юм. Энэ зорилгод хүрэхийн тулд Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдэхээр Засгийн газар ажиллаж байна. Орон нутагт тулгамдсан асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоонд тулгуурлах зарчмыг Засгийн газар баримтална."Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Баян-Өлгий аймгийн онцлог, давуу талд тулгуурлаж, аялал жуулчлал, дэд бүтэц, аж үйлдвэрлэлийг дэмжсэн их бүтээн байгуулалтыг өрнүүлэх болно" гэж ярилаа.
Уулзалтад Баян-Өлгийн аймгийн сум бүрийн төлөөлөл болсон 400 гаруй иргэн оролцлоо. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус аймгийн эдийн засгийг тэлэх , ажлын байр дэмжих төслүүдэд иргэдээс санал авлаа. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах санал асуулгад 402 иргэн оролцож 80 хувь нь дэмжив. Ерөнхий сайд иргэдийн саналыг хүлээн авч, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд "Асгат"-ын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан хэлэлцүүлэхийг үүрэг болголоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баян-Өлгий аймгийн залуучуудын төлөөлөлтэй өнөөдөр мөн уулзаж, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын талаар ярилцлаа. “Алсын хараа -2050” баримт бичиг нь 590 гаруй салангид баримт бичгийг нэгтгэсэн. Тус баримт бичигт манай улс хөгжлийн стратегиа гурван 10 жилээр тодорхойлсны эхний 10 жилийн бодлого нь “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэ бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо чухал гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.