Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банк хамтарч ажиллах санал тавилаа

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман, Гэр хорооллыг хөгжүүлэх төслийн зохицуулагч Д.Авирмэд нарыг хүлээн авч уулзлаа.
Өнгөрсөн 28 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад нийт 3.9 тэрбум ам.долларын санхүүжилт хийсэн байна. Тухайлбал, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, эдийн засаг, дэд бүтэц, хот төлөвлөлт, ногоон хөгжил болон “Ковид-19” халдварт цар тахлын үед бодит дэмжлэг үзүүлж ирсэн.
Уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын зүгээс нөхцөл байдалд тохирохуйц оновчтой арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч хэрэгжүүлсний хүчинд өдгөө эдийн засгаа сэргээх бодлого, энгийн амьдралд шилжиж буйд баяр хүргээд, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Азийн хөгжлийн банкны зүгээс Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлыг түшиглэн баригдах Дагуул хот, нийтийн тээврийн шинэчлэлийн асуудал болон Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт” зэрэг төсөл, хөтөлбөрүүдэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжилсан юм.
Мөн Хот хөгжүүлэлтийн ахлах мэргэжилтэн Арнолд Хекман “Хотын дарга байхдаа таны анхаарч ажиллаж байсан Баянхошуу, Сэлбэ Дэд төвүүд байгуулагдсанаар "Орлогод нийцсэн орон сууц" хөтөлбөрийн ажлууд энэ хавраас бодит ажил болж, барилга угсралтын ажил эхлэх гэж байна. Тодруулбал, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд олон улсад жишиг төсөл болсон гэдгийг дуулгахад таатай байна. Цаашид 8-9 аймагт “Хөдөөгийн хөгжил” төслийг хэрэгжүүлэхээр ТЭЗҮ-ийг баталж, санхүүжилтийг нь шийдсэн. Уг төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүд, тэр дундаа боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих бөгөөд ингэснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс ямар аймгуудад уг төслийг хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй” гэлээ.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын Засгийн газрын зүгээс “Ковид-19” цар тахлын үед таван үе шаттай стратеги арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ч дэмжсэний хүчинд шар түвшинд шилжиж чадлаа. Мөн “Ковид 19” цар тахлаас ангижрахад Азийн хөгжлийн банкны зүгээс үзүүлсэн санхүүгийн дэмжлэг үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлье. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд та бүхний саналтай бүрэн санал нийцэж байна. Тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, түгжрэлийг сааруулахад Дагуул хотыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал. Үүний тулд дэд бүтэц, орон сууц, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах төсөл хөтөлбөрүүдэд хамтран ажиллахад бэлэн байна” гэсэн юм.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ