Засгийн газар ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх тогтолцоог бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” Төрийн ордонд эхэллээ. Чуулган нь Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг гаргаж батлах, ногоон санхүүжилтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр бүс нутгийн уриалга гаргах, ирэх сарын эхээр болох “Монголын эдийн засгийн форум-2022”-ын нэгдсэн хуралдаанд санал, зөвлөмжөө танилцуулах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж үг хэлсэн юм. “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн нь зөвхөн Монголд төдийгүй Ази, Америк тивийг хамарсан байгаль экологи, эрүүл мэнд, эдийн засгийн хор хохирол учруулж буй шороон шуургыг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Өнөөдрийн чуулганы гол зорилго бүс нутгийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, тогтолцоог нь сайжруулахад чиглэж байгааг тэрбээр онцлоод “Ногоон хөгжлийг санхүүжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулагчид болон дотоодын санхүүгийн салбарын оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа нэн чухал” гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ тус чуулганд оролцож үг хэлэхдээ “Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгаа нь бодит үнэн юм гэдгийг тэмдэглээд “Тийм ч учраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого амжилттай хэрэгжих суурь нөхцөлийг бүрдүүлж, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг арилган, эдийн засгаа тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-д Ногоон хөгжлийн сэргэлтийг дэвшүүлсэн” гэлээ.
“Шинэ сэргэлтийн бодлого” Улсын Их Хурлаар батлагдах үед “Дэлхийн улс орнуудын Засгийн газрууд болон олон улсын банк, санхүүгийн байгууллагууд хүлэмжийн хийг бууруулж, ногоон эдийн засагт шилжихээ зарлаж байгаа нь төсвийн орлогоо нүүрсээр бүрдүүлдэг манай улсын хувьд хүндхэн сорилт ч, цаг алдалгүй ногоон хөгжлийн дэвшилтэт бодлогод шилжих боломж олгож байна” хэмээн Ерөнхий сайд хэлж байсан юм. Улс орнууд, аж ахуйн нэгжүүд ногоон хөгжлийг хэрхэн хангаж ажиллаж байгаа үзүүлэлт нь гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо татах суурь нөхцөлүүдийн нэг болдог хандлага руу дэлхий нийтээрээ шилжиж байна.