“Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” төсөл амжилттай хэрэгжлээ
Япон Улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилт, Азийн хөгжлийн банкны санхүүгийн болон техник туслалцаатайгаар “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах” TT 9701 төсөл Сангийн яамны дэргэд 2019 – 2022 онуудад амжилттай хэрэгжлээ.
Энэхүү төсөл нь эрүүл мэндийн салбарт Стратегийн худалдан авалтын тогтолцоог бий болгох, бэхжүүлэх, салбарын санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэхэд ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт дэмжлэг үзүүлэн ажилласан байна. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг Улсын Их хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны ээлжит бус хурлаар батлуулахад дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд улсын төсвөөс төр төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээнд олгодог санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэн, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэн улмаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг Стратегийн худалдан авагч болгох эрх зүйн орчныг бий болголоо.
Стратегийн худалдан авалтын үйл ажиллагааг эхлүүлсэнтэй холбогдуулан эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх анхан, лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний багц, хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эдгээр багцад орсон тусламж, үйлчилгээг чанартай үзүүлж чадах эрүүл мэндийн байгууллагыг сонгох журам, шалгуур, мөн эрүүл мэндийн байгууллагын үзүүлсэн тусламж, үйлчилгээ нэг бүрийн чанарыг хянах шалгуур, журам зэрэг стратегийн худалдан авалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л дүрэм журмыг шинэчлэхэд техникийн туслалцаа үзүүлсний үр дүнд шинэчлэлийн бодлого хэрэгжсэн жил гаруйн хугацаанд эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд эхний эерэг үр дүнгүүд бий болоод байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн даатгалын сангаас улс хувийн эмнэлгийг ялгахгүйгээр яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, хорт хавдар, гэмтэл, түлэгдэлт, тархины цус харвалтын зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээг бүрэн санхүүжүүлсний үр дүнд эдгээр тусламж, үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн байгууллагын тоо нэмэгдэж, тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдлээ.
2. Жирэмсэн, хүүхэд, тэтгэврийн хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй болон нийгмийн халамж авдаг иргэд гээд нийт 7 бүлгийн хүн амыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа иргэний төлөх хамтын төлбөрөөс чөлөөлсний үр дүнд 2021 оны 3 сараас 2022 оны 03 сарын хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийн хамтын төлбөрийг эдгээр иргэдийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан төлсөн байна. Өмнө нь MRI, томограф гэх мэт өндөр өртөг бүхий оношилгоо шинжилгээ, зүрх, тархины мэс засал гэх мэт өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээ авахдаа иргэд хамтын төлбөрт 105000 – 12,500,000 төгрөгийн хамтын төлбөрийг төлдөг байсан нь тухайн иргэнийг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдэлд оруулж байсныг шинэчлэлийн хүрээнд болиуллаа.
3. Хөнгөлөлттэй эмийн жагсаалт, зохион байгуулалтыг оновчтой болгосны үр дүнд хөнгөлөлттэй эм иргэдэд чирэгдэлгүй хүрдэг болж, хүртээмж нь өнгөрсөн жилийн хугацаанд 43 хувиар өссөн байна.
4. Эмч, мэргэжилтнүүд олон улсын эмнэлзүйн удирдамжийн UpToDate цахим платформыг үнэгүй ашиглах боломжийг бүрдүүлснээр эмчилгээ оношилгоог олон улстай хөл нийлүүлэн, нотолгоонд суурилан хийх боломж нэмэгдлээ.
5. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хийсэн гол шинэчлэлийн үр дүнд эмнэлгүүдийг орцоор санхүүжүүлэхийг бүрэн зогсоож, үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлоор буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсны үр дүнд иргэнээ дагасан санхүүжилтийн тогтолцоо бий болж, санхүүгийн эрсдэл, чирэгдэл буурах, эмнэлгийн санхүүгийн менежмент сайжрах, эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэгдэх боломжтой болсон байна.