Өмнөговь аймгийн Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгуудыг Улсын чанартай хот болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн билээ.   
Энэ ажлыг эхлүүлж Ханбогд суманд Оюу Толгой төслөөс ирэх таван жилд 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрт гарын үсэг зураг зуран баталгаажуулах түүхэн мөчийн гэрч болохоор Та бид өнөөдөр хуран цуглаад байна.
Цаашид Монгол Улсын Засгийн газраас Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд өөрийн эдийн засгийг бие даан бүрдүүлж, Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй аймаг орон нутгийг бодлогоор онцгойлон дэмжиж ажиллах болно. 
Ханбогд сумыг жишиг хот болгон хөгжүүлэх өнөөдрийн хөрөнгө оруулалт нь Өмнийн их говьд шинэ хот сүндэрлүүлэх Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжих түүхэн үйл явдлын зөвхөн эхлэл юм аа.   
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг. Нийт газар нутгийн 0.3 хувийг эзэлдэг нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр нийт хүн амын 50 хувь нь амьдарч байна. Тиймээс бид улсын нийслэлтэйгээ дүйцэхүйц шинэ хотуудыг эдийн засгийн бүс нутгууддаа, шинээр байгуулагдах боомтуудыг түшиглэн байгуулах болно. 
Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймагт дэд бүтцийн болон хот байгуулалтын хөрөнгө оруулалтуудыг үргэлжүүлэн хийхээс гадна эрхзүйн хувьд бие даан хөгжих, санхүүгийн хувьд бие даасан шийдвэр гаргах бодит боломжийг бүрдүүлэх болно. 
Ханбогд сумыг зөвхөн уул уурхайгаас гадна галбын говийг түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг болгон хөгжүүлж, бурхны шашны өвөрмөц дурсгалууд, үлэг гүрвэлийн хосгүй олдворууд, Улаан номонд орсон нэн ховор ан амьтад, мөн 33 мянга гаруй тэмээн сүргээрээ ялгарч экологийн тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх нь Шинэ сэргэлтийн бодлогын Ногоон хөгжлийн сэргэлтийн зорилтын цөм хэсэгт багтсан гэдгийг дурдах нь зүйтэй гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт ажиллах үеэрээ онцлон хэллээ.


Од Б
Нийтлэгч

Сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулаагүй байна
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ
Баян айраг ХХК-н үйл ажиллагааг 2 сарын хугацаатай зогсоожээ