
Уг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх бусад Байнгын хороодоос санал, дүгнэлтээ ирүүлсэнтэй тус тус танилцсаны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай”, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяа, Х.Булгантуяа, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, Ажлын хэсгээс гаргасан хууль, тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явууллаа. Тухайлбал, Ажлын хэсгээс “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсгийн 4.1.10, 4.1.15 дахь заалтыг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.